Л.Энх-Амгалан: Сургуулийн цайны газруудад 20 тэрбум төсөвлөсөн нь буруу бол ХАРИУЦЛАГА хүлээнэ
Иргэн Г.Ганбат Боловсролын салбарын төсөв дотор сургуулиудын хоолны газрын тоног төхөөрөмж шинэчлэхэд 2 тэрбум төгрөг төсөвлөснийг “төсвийн хулгай” хэмээн шүүмжилжээ. Харин дээрх асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээр “Ганбат Гонгоржав та ямар ч зөв мэдээлэлгүй байж 2022 оны төсөвт тусгасан хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулах ажлыг мушгин гуйвуулж худлаа мэдээлэл цацахаа зогсооно уу. Би өөрөө сошилд идэвхтэй байдаг хүний хувьд ямар ч шүүмжлэлийг хүлээж авна.
ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөр 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд хэрэгжиж байгаа. Улсын хэмжээнд 600 ЕБС-ийн үдийн хоолны чанарыг сайжруулж, стандартын гал тогтоотой болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй. 2022 оны Улсын төсөвт сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжид зориулж 2 тэрбум төгрөг тавьсан. Энэ мөнгөөр бид нилээд олон сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Төсөв гэхгүйгээр өөр ч эх үүсвэрээс ч дахиж мөнгө олж тавина.
Хүүхдүүддээ түрээсийн гуанзны хоол идүүлэхгүйн тулд хэрэгтэй 40 тэрбумыг жил жилийн төсөвт заавал тусгуулж явна гэдгээ хэлье. Хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулахын эсрэг байгаа сошилчин нөхөртөө хэлэхэд эхлээд нягтал, судал, дараа нь мэдээл. Хэрвээ би төсвийн алдаа гаргасан бол, хүүхдүүдийнхээ эсрэг зүйл хийсэн бол ямар ч асуудалгүй хариуцлагаа хүлээгээд явна. Сайдын сандал суудалтай зууралдах гэж би энэ салбарт ирээгүй” гэжээ.
Салбарын яамнаас Үдийн цайг Үдийн хоол болгох хөтөлбөр батлуулсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаг үеийн нөхцөл байдал, бусад хүчин зүйлсийн улмаас хэд хэдэн бэрхшээл учирсныг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаагийн нэг нь сургулиуд түрээсийн цайны газраас амт, чанар муу, стандарт шаардлага хангаагүй хоол авч, хүүхдүүдэд өгч байгаа асуудал. Тиймээс:
- Сургуулийн хоолны газруудыг стандартын шаардлагад нийцүүлэх зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах
- Сургууль бүрд хоол зүйч, мэргэжлийн тогооч ажиллуулах
- Нэг хүүхдэд оногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх
- Хүнсний хангамжийн зөв тогтолцоог бий болгох зорилт тавиад байгаа билээ.